Skip links

Манай улсад нийтлэг тулгардаг барилгын засварын асуудлууд

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад барилга, бүтээн байгуулалтын салбар хурдацтай хөгжиж байгаа нь сайшаалтай ч барилгын засварын менежмент хангалтгүй байсаар байна. Энэ нь барилгын ашиглалтын хугацааг богиносгож, хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж, урт хугацааны засварын зардлыг нэмэгдүүлж буй стратегийн түвшний эрсдлийг бий болгож байна.

Энэхүү нийтлэлээр барилгын инженерүүд, барилгын компаниудын удирдлагууд, хөрөнгө оруулагчид болон төсөл хэрэгжүүлэгчдийн анхаарах ёстой голлох асуудлуудыг онцлон хүргэж байна.

1. Хана, фасадны хагарал 

Газар хөдлөлт, хөрсний суулт, доголдолтой барилгын гүйцэтгэл зэргээс шалтгаалан хана, фасадны хагарал үүсэх нь нийтлэг тохиолдож байна. Барилга хот байгуулалтын яамны мэдээлснээр 2023 онд нийт 1,200 гаруй орон сууцанд ханын хагаралтай холбоотой гомдол бүртгэгдсэн. 

2. Барилгын суурийн доголдол

 Монгол улсын хөрсний онцлог нь барилгын насжилтад шийдвэрлэх нөлөөг үзүүлдэг. Гэхдээ дараах асуудлуудаас үүдэн барилгын суурийн доголдол үүсдэг. 

Үүнд: Судалгааны зардлыг хэмнэх зорилгоор хөрсний иж бүрэн шинжилгээ хийлгүйгээр барилгын ажил эхэлдэг. Барилгын суурийн сонголт инженер геологийн дүгнэлттэй нийцдэггүй. Барилгын материал нь чанар стандартад нийцдэггүй. 

2022 оны судалгаагаар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн хөрсний  суултын 63% нь геотехникийн нарийвчилсан дүгнэлт хийгдээгүй барилгаас үүдэлтэй байжээ.

3. Барилгын бүтээцийн асуудал

 Барилгын ачааллын тоооцоолол буруу, гүйцэтгэлийн хяналт сул байх зэргээс  үүдэн барилгын бүтээцэд асуудал гардаг. Тухайлбал, Нарийвчилсан BIM (Building Information Modeling) ашиглалгүй, уламжлалт аргаар зураг төсөл гаргах зэрэг нь барилгын бүтээцэд асуудал үүсгэж байна. 

Зарим төсөлд барилгын бүтээцийн чанарын асуудал баригдсанаас хойш 2–3 жилийн дотор илэрч, хөрөнгө оруулагчдад шууд засварын нэмэлт зардал үүсгэдэг.

4. Дээвэр болон гадна фасадын ус тусгаарлалт 

Стандартад үл нийцэх гүйцэтгэл, чанаргүй материалын сонголтоос шалтгаалан ус тусгаарлалтын асуудлууд үүсдэг. Уг асуудал нь барилга байгууламжид хамгийн элбэг тохиолддог тул барилгыг хийж гүйцэтгэх хугацаанд дээврийн  налуугийн өнцөг, ус зайлуулах системийг сайтар тооцолох нь чухал.

5. Барилга ашиглалтанд орсны дараах засварын менежментийн тогтолцоо сул

 Ашиглалтын дараах хяналтыг тогтмол хийхгүй байх нь цаашид олон эрсдлийг дагуулдаг. Монголд Facility Management (FM) систем нэвтрээгүй, засвар үйлчилгээ нь реактив буюу асуудал гарсны дараах аргаар явагддаг нь нөхцөл байдлыг дордуулдаг.  Тухайлбал, ISO 41001 стандартыг нэвтрүүлсэн байгууллага бараг үгүй. Энэ нь хөрөнгө оруулагчдад тогтмол урсгал засварын зардлыг урьдчилан тооцох, хөрөнгө оруулалтын өгөөжийг баталгаажуулах боломжийг хязгаарладаг.

Leave a comment