Skip links

Дэлхийд Нэрээ Түгээсэн “Mongols” Мотоциклын Клубын тухай

Хурд, эрх чөлөө, ахан дүүсийн эв нэгдлийг бэлгэддэг мотоциклын соёл дэлхий даяар асар олон фэнүүдтэй. Харин тэдгээрийн дунд манай улсын нэрээр овоглосон, өвөрмөц клуб онцгой байр суурь эзэлдэг нь  “Mongols Motorcycle Club” юм. Энэ клуб нь зөвхөн Монгол нэртэйгээс гадна, өөрийн хатуу ёс зүй, эв нэгдэл, тэсвэр хатуужлыг бэлгэддэг дүрэм журамтай, олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бүлгэм.

Mongols  гэж хэн бэ?

Mongols анх нь 1969 оны 12-р сарын 5-нд АНУ-ын Калифорни мужийн МонтеБелло хотод (Лос Анжелесийн зүүн захын дүүрэг) үүсгэн байгуулагдсан. Тус клубыг Вьетнамын дайнд оролцсон испани гаралтай ахмад дайчид, мөн эх орондоо эргэн ирсэн бусад цэргүүд үүсгэн байгуулсан. Тэднийг тухайн үед Hells Angels клубт орох гэхэд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж элсүүлээгүй тул өөрсдийн клубийг тусад нь байгуулсан байна.

“Mongols” нь  мотоцикл сонирхогчдын соёлыг эрхэмлэгч,  ахан дүүсийн холбоонд /brotherhood/  тулгуурласан бүлгэм болох зорилготойгоор байгуулагдсан. Тэд гишүүдийнхээ хооронд ахан дүүсийн барилдлагыг бий болгох, мотоциклийн соёлыг дэлгэрүүлэх, мөн нийгмийн сайн сайхны төлөө тодорхой үйл ажиллагаа өрнүүлэх нэгдсэн чиглэлтэйгээр байгуулагдсан.

Нэрийн ард байгаа гүн утга учир

Үүсгэн байгуулагчдын нэг Луис Костелло нь анхны үндэсний ерөнхийлөгч бөгөөд клубын нэрийг Чингис хаан болон Монголын эзэнт гүрний сүр хүчийг бэлгэдэн “Mongols” хэмээн сонгосон.“Mongols” гэх нэр нь зүгээр ч нэг сонгогдоогүй. Энэ нь Чингис хааны дайчин, эрэлхэг, хэзээ ч бууж өгдөггүй Монгол эрчүүдийн нэр хүнд, сүр хүч, үл шантрах зан чанарыг илэрхийлдэг гэж клубын үүсгэн байгуулагчид онцолдог.

Тиймээс энэ нэрийг зүүсэн хүн болгон үүрэг, нэр төрийн хариуцлагыг ухамсарлаж, клубын хатуу дүрмийг чанд сахидаг журамтай.

 

✅ Mongols Мотоцикл Клуб нь:

  • Ахан дүүсийн барилдлага
  • Мотоциклын соёл
  • Мотоциклтой өдөр тутмын амьдралын хэв маяг
  • Хандив, нийгмийн үйл явдал
  • Мотоциклын уралдаан
  • Моцоиклтой аялал
  • Ахмад дайчдыг дэмжих (Цэргийн хүн байсан гишүүд олон байдаг)
  • Клубын дүрэм журмыг хүндлэх гэсэн нийтлэг хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Олон улсын салбарууд

Өнөөдөр Mongol MC нь зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй, Европ, Австрали, Канад зэрэг олон улс оронд салбаруудтай. Тэд тус бүрдээ орон нутгийн хууль, соёлд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг боловч үндсэн зарчим, нэр төрөө хэзээ ч алддаггүй гэсэн нийтлэл гарсан байна.

Монгол улстай ямар холбоотой вэ?

Хэдийгээр Mongol MC-ийн нэр нь Монгол улсыг илэрхийлж байгаа мэт боловч тус клуб нь Монгол улсын засгийн газар, албан ёсны байгууллагатай холбоогүй, мөн Монгол улсаас үүсэлтэй байгууллага биш юм. Гэхдээ дэлхийн олон Монголчууд энэ клубын талаар сонирхож, зарим нь холбоо тогтоохыг оролдож байсан. Мөн Монгол улсаас хэд хэдэн гишүүн энэхүү холбоонд элсэж, үйл ажиллагаанд нь оролцдог.

“Mongol Motorcycle Club” бол зүгээр нэг мотоцикл унадаг бүлэг хүмүүс биш. Тэд бол ахан дүүсийн барилдлага, нэр төр, сахилга бат, мотоциклийн соёлын туг баригчид юм. “Mongol” нэр нь тэдний хувьд бахархал, хүндлэл, үүрэг, нэр төрийн билэг тэмдэг. Тэдний түүх, зарчим, нэгдэл дэлхий даяар олон мянган хүнийг өөртөө татсаар байна. Гэвч АНУ болон Холбооны мөрдөх товчооноос тус бүлгэмийн хэд хэдэн гишүүдийг хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан шалгаж байсан АНУ-ын Хууль зүйн яам – Калифорнийн Төв тойргийн Холбооны Прокурорын газар-ын веб хуудсанд нийтлэгдсэн байна. Мөн Австрали, Герман зэрэг улсуудад “outlaw motorcycle gang” буюу “хуулиас гадуурх мотоциклийн бүлгэм” хэмээн цагдаагийн газраас тодорхойлсон байна.

 

 

 

Leave a comment